ISBC төсөл
Монре даатгал нь Монголд үйл ажиллагаагаа тасралтгүй 26 жил явуулж ирсэн ууган даатгалын компани. Улаанбаатар хот болон 10 аймагт 20 гаруй салбар, төлөөлөгчтэйгөөр иргэдэд эрсдэлийн талаар мэдлэг олгож , гэнэтийн учирч болзошгүй санхүүгийн хүндрэлийг даван туулахад нь тусалж ирсэн.
Монгол улсын иргэдийн даатгалын хэрэглээ нь маш бага, ердөө 0,5% (ижил төстэй хөгжиж буй оронд ~3%, өндөр хөгжилтэй оронд ~6%) байгаа. Тиймдээ ч олон нийтэд даатгалын тухай тодорхой ойлголт төдийлөн сайн биш. Тиймээс Монре даатгал нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хямд, ойлгомжтой даатгалын бүтээгдэхүүнийг санал болгосноор даатгалыг тогтмол хэрэглэдэг иргэдийг бий болгохыг зорьж байна.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд учирч буй эрсдлийг бууруулахад даатгалыг нэвтрүүлэх үйл ажиллагаа нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг буюу Deutsche Gesellschaft für intgernationale Zusammenarbeit (GIZ)-ийн Монголын хувийн хэвшлийг хөгжүүлэх төслийн цар хүрээнд нийцсэн тул Монре даатгал нь Монголд анх удаа даатгалын салбарт ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамыг (BMZ) төлөөлж буй GIZ-тэй хамтын ажиллагааг эхлүүлж байгаа нь томоохон боломж юм.
Энэхүү төслийн нэр нь “Блокчейн технологи ашиглан ЖДҮ-ийг даатгах” (Insuring SME through Blockchain Technology) бөгөөд Монголын даатгалын салбарын экспертүүд болон олон улсын зөвлөхүүдийн тусламжтайгаар блокчэйн технологийг ашиглан даатгалын шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах зорилготой юм. Төслийн үр дүнд нь хэрэглэгчид ашиглахад хялбар гар утасны аппликейшнээр дамжуулан гал, үерийн даатгалын шинэ бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой болно. Мөн олон нийтэд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын талаар мэдээлэл хүргэх, иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаанууд хэрэгжүүлэх болно.
Бас нэгэн том боломж нь “Эрсдэлийн газрын зураглал”-ийн платформыг хамтран хөгжүүлэх явдал юм. МУ-ын нутагт дэвсгэрт учирч буй бүхий л эрсдэлийн өгөгдөл, мэдээллийг газрын зурагт оруулж түүнийг хүсэлт гаргасан байгууллага, иргэд дундаа ашиглан өөрийн бизнесийн үйл ажиллагааны эрсдэлийг удирдан явуулах зорилготой.
Зээл Эм Эн ББСБ энэхүү хамтарсан төслийг дэмжиж байгаа бөгөөд Монгол улсад Жижиг Дунд Бизнес, Үйлдвэрлэл эрхэлж буй иргэдэд тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд бага хүүтэй бизнесийн зээлийн үйлчилгээ болон бизнесээ тасралтгүй явуулахад аливаа эрсдэлээс хамгаалагдах хүртээмжтэй даатгалын үйлчилгээг хослуулан, технологийн тусламжтайгаар бага зардалаар хүргэх зорилготой.
Монре даатгал нь салбарынхаа болон бусад сонирхсон бүх талуудтай бүхий л нөү-хау-аа хуваалцахад нээлттэй. Салбартаа анхдагч болж ОУ-ын томоохон байгууллагатай хамтран иргэдийнхээ санхүүгийн боловсролыг соён гэгээрүүлэх чухал төсөл хэрэгжүүлэх нь олон боломжийн үүд хаалгыг нээнэ гэж итгэж байна.